by

ЭХЛЭЛ&АМЖИЛТ ХӨТӨЛБӨР

6 сар 24, 2021


Монос Групп ХХК-ийн манлайлагч, шилдэг ажилтнуудын амжилтын нууц, зөвлөгөө хувь хүний давуу чанар, үзэл бодлоос хуваалцах, тухайн хүнээс үлгэр дуурайлал авах, бахархах, суралцах эрмэлзлийг ажилтнуудад төрүүлэх зорилготой хөтөлбөрийн эхний дугаарыг хүргэж байна.  

Эхний дугаарын зочин: 

Грийн Гэйт Интернэйшнл ХХК-ийн Хүний нөөцийн менежер Монос Групп-ийн 2020 оны шилдэг Хүний нөөцийн менежер, 2019-оны LOT-ын гишүүн Б.Золзаяа оролцлоо. 

Товч танилцуулга: 

Юун түрүүнд Эхлэл&Амжилт хөтөлбөрийн эхний дугаарын зочноор урьж оролцуулсанд Монос Группийн хүний нөөцийн газрын хамт олондоо баярлалаа. 

Намайг Бат-Эрдэнэ овогтой Золзаяа гэдэг. Булган аймагт бүрэн дунд боловсролоо эзэмшин 2007 онд Улаанбаатар хотыг зорин ирж Хүний нөөцийн менежмент мэргэжлээр суралцан 2011 төгсөн ажлын гараагаа эхэлсэн. 

Анхны ажлын гараагаа хэрхэн эхлсэн бэ? 

Миний эзэмшихийг хүссэн мэргэжил бол Монгол хэл уран зохиолын багш байлаа. Энэ мөрөөдөлдөө хөтлөгдөн Монгол хэл уран зохиолоор шалгалт өгөөд мэргэжил сонгох үед ээж минь Хүний нөөцийн менежмент гэдэг мэргэжлийг санал болгосон. Тухайн үед Хүний нөөцийн менежер, менежмент гэж ямар мэргэжил байдаг, яг юу хийхээ ч мэдэхгүй энэ мэргэжлийг сонгосон. Суралцаж байхдаа энэ мэргэжлээ ойлгон төгссөн. Ажлын гараан дээр гараад Хүний нөөцийн менежер хүн гэдэг ямар үнэт зүйлтэй байх ёстой, байгууллагад ямар үүрэгтэй, ямар ажлыг хийх ёстой вэ? гэдгээ мэдэж авч байлаа. 

Одоо бодоход Уран зохиолын багш болсон бол би хаана явж байх байсан бол? хүүхдүүдтэй зууралдаад л явж байх байсан байхдаа гэж боддог. Энэ мэргэжлийг охиндоо тохирно гэдгийг мэдэж сонголт хийж өгсөн ээждээ маш их талархдаг. Төдийлөн мэргэжлээрээ төгсөөд, дадлага хийн ажилладаг хүмүүс цөөхөн байдаг. Би энэ мэргэжлээрээ ажиллаж байгаагаараа маш их бахархдаг. 

2011-онд ажлын гараагаа Уул уурхайн компаниас эхэлж байсан. Төгсөөд мэргэжлээрээ ажиллана гэдэг зорилготой байсан боловч ажлын туршлага гэж байхгүй байсан тул анх ресепшнээр компанийнхаа нүүр царай болон туршлагажин, нэг жилийн хугацаанд компани маань өргөжин Сургалт, судалгаа хариуцан хүний нөөцийн менежерээр ажиллаж эхэлсэн. Албаны хүний нөөцийн даргаасаа их зүйл сурсан. Юм бэлдээд ороход үг үсгийн алдаанаас эхлээд засуулж байсан нь төвөгтөй санагдах үе байсан ч эргээд бодоход би суралцаж байгаа гэдэг нь давуу тал болж байсан гэдэг нь сайхан санагддаг. 

2014 онд Уул уурхайн компаниасаа өөрийн хүсэлтээр гарч Монос Групп ХХК-ийн Хүний нөөцийн менежер авна гэсэн зарыг сонингоос харж уулзалтанд очиж байсан. Монос Групп гэхээр толгой компанид нь ажиллах юм байна гэж ойлгож байсан ч Монос Улаанбаатар ХХК-ийн Гүйцэтгэх захирал Алтанцогт, Дэд захирал Мөнхтүвшин нартай уулзалт хийсэн.  

Анх Алтанцогт захиралтай уулзалт хийхэд миний санаанд тод үлдсэн асуулт нь:  

330 гаруй ажилтантай компанийн Хүний нөөцийн менежерийг хийж чадах уу? гэхэд би нэг л их туршлагатай хүн гэж өөрийгөө бодсон л юм шиг байгаа юм чаднаа гэж хариулаад уулзалтаа дуусгаад харьж явах замд утас дуугарч маргааш өглөө ажилдаа ирээрэй гэдэг мэдээг аваад маш их баяртай гэртээ орсон. Шинэ ажилд орж байгаа учир өөртөө байгаа хамгийн гоё гэсэн хувцасаа өмсөөд ажлын эхний өдрөө эхлүүлсэн байдаг юм. Захирлаасаа анх ажлын чиглүүлэг авч компанийн онцлог юу вэ? Эм гэж юу вэ? Жижиглэн худалдаа гэж юу вэ? Гэдэг ойлгоцыг авснаар ажлаа эхлүүлж байсан. 

Тэр үед Монос гэхээр эмийн сан гэсэн ойлгоцтой байсан боловч ийм том компани, хамт олонд орж ажиллана гэж бодоогүй. 

Ойрын таван жилийн зорилго: 

Миний томоохон зорилгуудын нэг нь Магистрын хичээлээ эхлүүлээд явж байна. Өмнө нь суралцах цаг зав боломж байхгүй байсан учир зөвхөн ойрын таван жил биш урт хугацааны 10 жилийн үнэт карьер төлөвлөлтөө гэж харж байгаа. Хүн тасралтгүй суралцах хэрэгтэй байдаг. Тиймээс эхлүүлсэн бол дуусгах хэрэгтэй учир энэ зорилгынхоо төлөө тууштай явах болно. 

Мөн нэг зорилго бол би аялалд явах дуртай аяллын жагсаалттай. Ажлын чөлөөт цагаараа агаар салхинд гарах хоббитой учир үүнийгээ үндсэн зорилгынхоо нэгийг болгож явдаг. 

Олон улсын Хүний нөөцийн стандарт нэвтрүүлсэн компанид хэрхэн ажилтнуудаа сэтгэл ханамжтай байлгах вэ? Сэтгэл ханамжтай ажилтнаас өндөр бүтээмж, гүйцэтгэл гардаг гол функцыг хэрэгжүүлэгч чиглүүлэгч нь хүний менежер байдаг. Энэ чиглэл дээр ажил амьдралын тэнцвэрээ хэрхэн хадгалж өөрийгөө хөгжүүлж бүтээмжтэй байдаг вэ? 

Чөлөөт цаг, ажил амьдралын тэнцвэр гэж сүүлийн үед их яригддаг болсон. Ажил амьдралын тэнцвэр нь хувь хүний зохион байгуулалт, ажил амьдралын тэнцвэрээ зохицуулж чадаж байгаа тухайн хүний сэтгэл зүй гэж боддог. Ямар нэгэн тодорхойлолт гэхээсээ илүү эдгээр зүйлсийг өөрийн зарчим болгож явдаг. 

  • Ажил дээр болсон процессыг ажил дээрээ л үлдээгээд 
  • Гэртээ өөрийнхөөрөө байж, хувь хүний хөгжил, хобби дээрээ анхаардаг. 

Миний баримталдаг зарчим: Нэг орчноос нөгөө орчинд шилжих чадвартай байх хэрэгтэй. Тиймээс өөрийгөө стресснээс ангижруулж чаддаг. 

Хүний нөөцийн менежер нь компанийг нэг гэр бүл гэж бодвол ээж нь юм. Ээжүүд гэр бүлийн бүх асуудлыг зохицуулж, зохион байгуулагч байдаг. Хүний нөөцийн менежертэй ажилтнууд аз жаргалтай байгаа үедээ уулздаггүй. Ажил амьдралын стресс, болохгүй байгаа зүйлээ ярилцахын тулд уулздаг. Тиймээс Хүний менежер хүн бүрийн асуудлыг нууцлах хард гэж боддог. Тухайн үед ямар зөвлөгөө өгвөл үр дүнтэй вэ? гэж боддог. Гэхдээ тэр өрөөнд болсон зүйл нь өрөөндөө үлддэг. Ажил дээр болсон зүйл ажил дээр үлдэх хэрэгтэй. Түүнийг гэртээ чирч очих, гэртээ болсон зүйлээ ажил дээрээ аваачих нь тэнцвэргүй байдал үүсгэдэг. Тиймээс өрөө хооронд шилжих чадвар хамгийн чухал. 

Хобби: 

Би аялах дуртай гэж хэлсэн. Гэхдээ хүмүүс аяллыг урт хугацаанд төлөвлөн, их төсөв мөнгө зарцуулах хэрэгтэй гэж ойлгодог юм шиг санагддаг. Аялал гэдэг нь миний хувьд өөрийн чөлөөт цагаа байгал Дэлхийтэйгээ ойр байлгах. Гэрээсээ гараад Туулын эрэг дагаад алхсан ч аялал гэж боддог. Хүмүүс илүү томоор төсөөлж цаг зав гарахгүй байна, ажил амжихгүй байна гэсэн шалтгаанаар стресстээд байдаг.  

Гэхдээ нэг гоё ишлэл байдаг: 

Хийж чадвал хий 

Хийж чадахгүй бол битгий стресстээд бай 

Бодолд чинь орж ирвэл хийх хэрэгтэй. Стресс тайлах нэг арга нь хоббигоо хэрэгжүүл.  

Арван жилд байхдаа марк цуглуулдаг байсан. Одоо тэрийгээ хаяагүй цуглуулдаг. Би хоббигоо аз жаргал болгож чаддаг. 

2020 оны шилдэг Хүний нөөцийн менежер болсон. Моносчуудын шилдэгийн шилдэг болсон нууцаасаа хуваалцвал: 

Нэг компанийн шилдэг болно гэдэг утга учиртай. Монос Цэцэглүүлэгч номинаци гэхээр кино урлаг, Холливуудын шилдэг тодорч байгаа юм шиг санагддаг байсан. Хүний нөөцийн менежерүүдийн нэг онцлог ажилтнуудаа шилдэгт сойж Наадмаар морь уралдуулахтай адил тэр хүнийхээ хамаг  л хийж бүтээсэн зүйлийг жагсаан бичиж, материалуудыг бэлтгээд ажилтан нь шилдэг болох үед хамгийн аз жаргалтай байдаг. Монос Групп-д ажилласан цагаасаа хойш 2 удаа нэр дэвшиж 2 дахь нэр дэвшилтэн дээр нь шилдэг болсон. Энэ шагналыг авсан гол шалтгаан нь зөвхөн миний хийж бүтээсэн ажлын үр дүн биш  Монос Группийн Хүний нөөцийн баг хамт олон болох хориод хүний нөр их хөдөлмөрийн хүчээр бий болсон шагнал гэж боддог. 

Миний гол баримталдаг зарчим эмх цэгцтэй байдал. Гэрийн суурь хүмүүжил нөлөөлсөн гэж боддог. Ажлын ширээнээс эхлээд, гэрийн орчиндоо эмх цэгцтэй нягт нямбай байх дуртай. Ажилтнууд Хүний нөөцийн менежер гэхээр эмээгээд байдаг. Гэхдээ би ажилтнуудтайгаа илүү ойр ажлын бус үед найз шиг байж тухайн хүний дотоод мөн чанарыг таних нь миний гол арга барил. 2020 оны шилдэг болоход багийн томоохон ажлууд хийсэн үүрэг оролцоог удирдлагууд үнэлсэн болов уу гэж бодож байна.  

Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан бид онлайнаар Шинэ жилээ тэмдэглэсэн нь шинэлэг байснаас гадна гэртээ байхдаа шилдэг болсноо сонссон нь маш их аз жаргалыг мэлдрүүлж тасралтүй 2 цагийн турш гар утсанд мессеж, дуудлага ирсэн нь хамгийн гоё байсан. Магадгүй танхимд байсан бол хүн бүр надад алга ташаад баяр хүргэх байсан байх л даа. Гэхдээ онлайнаар хийснээр 2 цагийн турш зөвхөн өөрт минь зориулж хүмүүс баяр хүргэсэн гэдэг бол үнэхээр сайхан аз жаргалыг мэдрүүлсэн. Хамт олондоо маш их баярлалаа. Моност намайг танихгүй хүн гэж байхгүй. Анхны ажлын гараагаа эхэлсэн компани маань олуулаа учир танидаг хүн их байдаг юм байна.  

Энэ боломжийг олгосон Монос Улаанбаатар ХХК-ийн Гүйцэтгэх захирал Алтанцогт тандаа маш их баярлалаа. Таны тарьж ургуулсан мод үргэлжлээд ургаад явж байгаа шүү. 

Монгол Оюун Сэтгэлгээг Дэлхийд таниулна гэсэн нэг том зорилгын төлөө Монос Группийн нийт ажилтнууд урагшилж байна. Монос Группийн үнэт зүйл гэж байдаг шиг Золзаяагийн үнэт зүйл юу вэ?

Миний үнэт зүйл миний гэр бүл. Аав, ээжийн минь оролцоотойгоор би гэдэг хүн бүтэж сайн сайхан явж байгаа. Ээжээсээ авсан гэрийн хүмүүжил миний бас нэг үнэт зүйл. Миний ээж эрхлүүлэх үедээ эрхлүүлж, хүмүүжүүлэх үедээ шударга хатуу байж чаддаг хүн. Одоо ч ээждээ очоод эрхэлдэг. Хүнд гэр бүлийн суурь хүмүүжил хамгийн чухал байдаг учир ийм сайхан хүмүүжлийг олж авсандаа баяртай байна.

Мундаг аав, ээжийн охин Золзаяа урт хугацааны турш Монос Групп-дээ бүтээмжээ гарган ажилланаа гэдэгт итгэлтэй байна. Хүний нөөцийн менежер нь процесс чиг үүргийн хувьд ажилтан ажил олгогчийг холбож байгаа гүүр байдаг. Бид ажилтнуудаа халамжилж, ур чадварыг нь хөгжүүлж, сонсох, хөдөлмөрийн харилцааг зөв зохицуулж байдаг. Моносчууддаа энэ талаасаа нэг үг хэлнэ үү?

За дахиад л Монос Улаанбаатарт орсон түүх рүүгээ орох нь ээ. /Инээв/ Би анх чадна бүтээнэ гэсэн зоригтой хүн чинь 14 хоноод шантарч мохох үе ирсэн. Моност дөнгөж ороод чадахүй юм байна гэсэн бодол хүн бүрт төрдөг байх. Энэ бүхэн дээр шууд удирдлагын зөв зөвлөгөө хүнд маш чухал.

Би үнэхээр чадахгүй юм байна гэсэн үе минь ирэхэд халагдах өргөдлөө өгөх хэрэг гараад шууд чадахгүй гэж хэлж зүрхлээгүй. Эрүүл мэндийн хувьд бага зэрэг асуудалтай байснаа далимдуулаад Гүйцэтгэх захирал дээр эрүүл мэндийн шалтгаанаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй тул халагдах хүсэлтэй байгаагаа бичээд орсон. Анагаах, эм зүйн чиглэлийн мэргэжилтэй хүний урдаас өөрийнхөө өвчинг яриад орох нь инээдтэй байсан байх. Захирал маань хүн бүртэй нэг бүрчлэн уулзаж ярилцдаг сайхан зан чанараараа “За яг юу болоод байгаа юм бэ? Юу нь өвдөөд байна. Хэдий хугацаанд эмчлүүлэх вэ?” гээд ярилцсан. Нэлээн удаан ярилцсаны дараа манай захирал ер нь жинтэй нэг үг хэлдэг. Хүнд эрүүл мэнд хамгийн чухал. Чи эмчилгээ хийлгэх шаардлагатай бол хийлгэж болно. Гэхдээ энэ чиний ажлаас гарах шалтгаан биш байна гээд миний өргөдлийг ураад хогийн саванд хийчихэж билээ. Тэгээд би гарахдаа хүн намайг ингэж үнэлж байхад ягаад би чадахгүй гэж гэж хурцлагдсан. Тэр үед захирал миний өргөдлийг хүлээн аваад цохоод өгсөн бол би одоо хаана юу хийгээд явж байх байсныг хэлж мэдэхгүй. Улирдлага хүний ажилтандаа хандан зөвлөгөө өгөх гэдэг хамгийн чухал. Хүн удирдаж ажиллаж байгаа л бол та хүнийг дэмжих хамгийн чухал хүч шүү. Ажил дээрээ байхад удирлага нь чиний ажил ямар байна гэх мэтчилэн санаа тавих зэрэг нь ажилтны хувьд маш их хүчийг өгдөг. Энэ тал дээр хүний нөөцийн менежерүүд анхаарч ажилладаг байгаарай гэж хэлмээр байна.

За ингээд хамгийн сүүлд нь одоо ажиллаж байгаа Грийн Гэйт Интернэйшнл ХХК-ийн хүчирхэг залуу удирдлага Уранжаргал захирал болон хамт олондоо шинэ шинэлэг бүхний эхлэл, эрч хүчийн ундрага шүү та бүхэн минь. Ирээдүйн карьераа та бүхэнтэйгээ хамт төлөвлөхдөө үргэлж тайтай байдаг гэж хэлье.

Энэ сайхан хөтөлбөрийн эхний дугаарын зочин болгон оролцуулсан Хүний нөөцийн газрын хамт олондоо баярлалаа.