by

ЭХЛЭЛ&АМЖИЛТ ХӨТӨЛБӨР №2

6 сар 30, 2021


Монос Групп ХХК-ийн манлайлагч, шилдэг ажилтнуудын амжилтын нууц, зөвлөгөө хувь хүний давуу чанар, үзэл бодлоос хуваалцах, тухайн хүнээс үлгэр дуурайлал авах, бахархах, суралцах эрмэлзлийг ажилтнуудад төрүүлэх зорилготой хөтөлбөрийн дугаар №2-ыг хүргэж байна.

Зочин:

Монос Хүнс ХК-ийн Борлуулалтын супервайзор Монос Групп-ийн 2020 оны шилдэг ажилтан, LOT-2020 оны  гишүүн Ц.Ихбаяр оролцлоо.

Ихбаярыг спортын мастер, гар бөмбөгийн тамирчин гэдгээр нь Моносчууд сайн мэднэ. Өөрийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулаач?

Нийт Моносчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Эхлэл&Амжилт хөтөлбөрийг зохион байгуулан 2 дахь дугаарын зочноор урьж оролцуулж байгаа Монос Группийн Хүний нөөцийн газрын хамт олондоо баярлалаа.

Миний бие Цэрэндугар овогтой Ихбаяр 1989-онд Булган аймгийн Хишиг суманд төрсөн. 1997-2007-он хүртэл ерөнхий боловсролоо Булган аймгийн Эрдмийн өргөө цогцолборт сургуулийг дүүргэсэн. 2007 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Газар зүй байгалын ухааны сургуульд элсэн орж 2011 онд бакалавр зэрэгтэй дүүргэсэн. 2013 оноос одоог хүртэл Монос Хүнс ХК-ндаа Борлуулалтын супервайзороор ажиллаж байна.

Гэр бүлийн хувьд Улаанбаатар хотдоо эхнэр, хүүгийн хамт амьдардаг.

Хэрхэн Монос Хүнс ХК-тай холбогдсон, ажлын гараагаа эхэлсэн түүхээсээ хуваалцвал? 

2011-онд сургуулиа төгсөөд 2012 онд ажлын гараагаа эхлүүлж байсан. Тэр үед өөрийнхөө хоббигоо дагаад мэргэжлээрээ ажиллаагүй Засгийн газар хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын хороо Магадлан итгэмжлэгдсэн мониторингийн холбоонд мэргэжилтэн хийж ажлын гараагаа эхлүүлсэн. 2013 онд Улс төрийн тогтворгүй байдлаас шалтгаалан орон тооны цомхотголоор ажлаасаа чөлөөлөгдөөд, 2013 онд Biznetwork-р Монос Групп гэдэг их айлд CV-гээ илгээн Монос Хүнс копанитайгаа холбогдож байсан.

2013 оны 1-сард Монос Хүнс ХК-ийн Хүний нөөцийн менежер холбогдон ярилцлагад дуудан Гүйцэтгэх захирал Алтанчимэгтэй уулзалтанд ороход удирлагын харилцаа хандлага, тухайн компанийн уур амьсгал үнэхээр таалагдаж байсан учир энэ компанидаа л ажилд орчих юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй байсан. Ярилцлагаа дуусаад удаагүй байтал, та ярилцлагад тэнцлээ гэсэн хариу сонсоод маш их баярласан. Алтанчимэг захирал маань спортыг дэмждэг өөрөө спортлог хүн учир ажилд авахад миний спортын авъяас нөлөөлсөн байх гэж боддог.

Гар бөмбөг, хөл бөмбөг зэрэг спортууд илүү багаар ажиллах чадварыг сайжруулдаг болов уу? Монос Групп спортын наадмыг жил бүр зохион байгуулдагч цар тахалтай холбоотойгоор түр зогссон байгаа. Ихбаярын хувьд компаниа төлөөлөж олон тэмцээнд орж түүчээлдэгтэйгээ адил спортоор хичээллэх, багаар ажиллах нь ажил дээр хэрхэн давуу байдлыг бий болгодог гэж боддог вэ?

Спорт хүнийг хүмүүжүүлдэг гэдэг. Дунд сургуулийн 1–р ангиасаа цанын спортоор хичээлэж, 7-р ангиасаа волейболоор хичээллэж эхэлсэн. Багаасаа цанын спортоор хичээллэсэн цагаас тэсвэр тэвчээртэй, тууштай шинж чанар суусан гэж боддог. Манай гэр бүл спортын гэр бүл. Өвөө маань хөнгөн атлетикийн спортын мастер хүн байсан. Хөдөлгөөн, эрүүл мэнд гэдэг зүйлийг маш их чухалчилдаг гэр бүл л дээ. Тийм болохоор би спортын замнал руу хөтлөгдөн орсон байх. Тэсвэр тэвчээр гэдэг зүйлийг спортоос олж авсан.

Ихбаярын хувьд спорт бол хобби, тэгвэл Моносчууд мэдэхгүй өөр нууц хобби байгаа юу?

Спортоос гадна шүлэг зохиох, шүлгийг дурлан унших хоббитой.

Монос Группийн хувьд Хүний нөөцийн MNS ISO 30400-2018 стандартыг нэвтрүүлсэн. Ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах тал дээр анхаардаг. Ажил амьдралын тэнцвэртэй байдлын талаар Ихбаярын бодол?

Ажил амьдралын тэнцвэртэй байдал гэдэг нь миний бодлоор ажилтан өөрөө цаг ашиглалтаа маш сайн зохион байгуулах гэж боддог. Ажлын цагаараа хийх ёстой ажлуудаа үр бүтээлтэй хийдэг байх, хэрэв ажлын цагаараа хийх ёстой ажлаа хийхгүй бол тэнцвэр алдагддаг.

Хамгийн чухал нь:

  1. Ажлын цаг ашиглалт,
  2. Үр бүтээмжтэй чанартай гүйцэтгэлтэй байх нь ажил амьдралын тэнцтэвтэй байдлыг бий болгодог.

Манай Монос Хүнс ХК-ийн хувьд ажлын уян хатан цагийн системийг хэрэгжүүлдэг нь, ажилтнууддаа ажил амьдралын тэнцвэртэй байдлыг бий болгох нэг давуу тал болж чаддаг.

Моносчууд жил бүр оны шилдэгүүдээ тодруулдаг. Ихбаяр 3 удаа нэр дэвшиж байсан. Жил бүр энэ номинацид яаж өрсөлддөг, яаж шилдэг байдаг талаар нь олон залуус мэдэхийг хүсч байгаа байх. Шилдэг болсон нууцаасаа хуваалцвал?

Анх 2013 онд Монос гэдэг том айлд орж ирээд анхны Шинэ жилээ тэмдэглэж байхдаа шилдгүүдийг тодруулах номинацийг үзэж байсан. Бүхэл бүтэн Монос Группээрээ маш олон охин компаниуд бүгд нэг дор Шинэ жилээ хийгээд тэр дундаасаа шилдгүүдээ тодруулахыг хараад дотроо маш мундаг залуус нэр дэвшдэг юм байна,  ийм олон мундаг залуусаас шилдгээр шалгарна гэдэг шинэ хүний нүдээр харахад Моносынхоо хувьд нэр хүндтэй шагнал байна гэж хүлээж авч байсан. 2014 онд Шилдэг Менежер номинацид нэр дэвшиж, түүнээс хойш Шилдэг Манлайлагч залуу номинацид 2 удаа нэр дэвшин 2020 онд Худалдааны салбарын шилдэг ажилтан номинациар шилдэг болсондоо маш их баяртай байгаа.

2020 оны Шинэ жил цар тахалтай холбоотойгоор маш онцгой Дижитал Шинэ жил болсон. Гэр бүлтэйгээ цэнхэр дэлгэцээ үзээд шилдэг болсон баяраа хамт хуваалцаж байгаа нь мартагдахааргүй дурсамж байсан. Орон нутгийн борлуулалтын сувгийг хариуцан ажиллаж, энэ суваг маань өмнө нь байгаагүй өсөлтийг үзүүлсэн нь шилдэг болоход гол нөлөөлөл үзүүлсэн гэж боддог.

Ажил, амьдрал дээр Моносоос үлгэр дуурайлал авдаг хүн байдаг бол хуваалцаач?

Миний хувьд эцэг, эхийн суурь хүмүүжил одоогийн Ихбаярт нөлөөлсөн гэж боддог. Ажлаа хийж байхдаа шууд удирдлагуудаасаа мэдэхгүй чадахгүй зүйлсээ асууж, сурч мэдэж, үлгэр дуурайлал авч ирсэн. 2020 онд LOT /Leader’s of tomorrow/-төрийн бус байгууллагын гишүүн болж элсэн орсон. LOT /Leader’s of tomorrow/- төрийн бус байгууллага нь 2010 онд үүсгэн байгуулагдаад 11-дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа, Монос Группийн манлайлагч залуусыг хөгжүүлэх, ирээдүйн залгамж халаагаа бэлтгэх зорилготой байгууллагад гишүүнээр элсэн ажилласандаа маш их баяртай байдаг. 2020 оны LOT-ийн хийсэн чухал ажил Ментор хөтөлбөр зохион байгуулсан. Ментор хөтөлбөрийн хүрээнд өөрийнхөө Ментороор Монос ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Баянмөнх захирлыг сонгосон. Баянмөнх захиралдаа өөрийн бүх туршлага, ажлын арга барилаа харамгүй зааж өгсөнд маш их баярлалаа.

Нийт Моносчууддаа өөрийн зүгээс хандаж хэлэх зүйл?

Би өөрөө борлуулалтын салбарт ажилладаг хүн учраас энэ салбарт ажиллаж байгаа залуустаа болон шинээр орж байгаа ажилтнуудад хандан үг хэлмээр байна.

Анх борлуулалтын салбарт хөл тавиад, харилцагч нартай уулзаад явахад асар их бэрхшээл тулгардаг. Тухайн бэрхшээлийг ямарваа нэгэн аргаар даван туулж байж өөрөө суралцдаг. Шинээр ажилд орж байгаа залуучууд харилцагч нарын сөрөг комментуудаас, бүтээгдэхүүнээ зарж борлуулах тал дээр шантраад гарах нь ажиглагддаг.

ТЭР БЭРХШЭЭЛ БОЛГОНЫ АРД БОЛОМЖ БАЙДАГ ЮМ ШҮҮ.

Монос Групп маань ажилтнуудаа сурах хөгжих, идэвхижүүлэх, спорт урлагийг маш ихээр дэмждэг. Ажилтнууд руугаа чиглэсэн идэхижүүлэлт, арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Цар тахлын үед нийт ажилтнуудаа тасралтгүй ажлын байраар ханган, нэг ч удаа хоцроохгүй цалин урамшуулал олгодог ховорхон компаниудын нэгэнд ажилладагтаа үнэхээр баярладаг. Монос Группийн нийт удирдлагууддаа баярлаж, талархдагаа илэрхийлж байна.