by

Монголын эмзүйн салбараас анхны Хөдөлмөрийн Баатар төрлөө

11 сар 2, 2020


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монос Группийн ТУЗ-ын дарга, Ерөнхийлөгч, Төрийн шагналт, Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан Л.Хүрэлбаатарт Хөдөлмөрийн Баатар цол хүртээлээ.

Л.Хүрэлбаатар нь тэртээ 30 жилийн өмнө Эм, гоо сайхны Монос жижиг үйлдвэр нээж Монголын анхны хувийн хэвшлийн нэг болж түүхэнд бичигджээ. 30 жилийн туршид Монос Групп маш олон зүйлд анхдагч байж Эмзүйн салбарын өнөөгийн өнгө төрхийг олоход чухал хувь нэмэр оруулсан билээ.

Л.Хүрэлбаатар нь 1970-1975 онд ЗХУ /хуучин нэрээр/-ын Пятигорск хотын Эм зүйн дээд сургуульд суралцаж эм зүйч мэргэжлийг эзэмшсэн. Тэрээр 1975 оноос 1990 он хүртэл Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын Эмийн сангийн удирдах конторт дарга, Улаанбаатар нийслэлд улсын эм хангамжийн үйлдвэрийн газарт хэлтсийн дарга, Хотын эмийн сангийн удирдах конторын дарга, Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан Эмимпекс концернийн нэгдүгээр орлогч захирал зэрэг хариуцлагатай ажлуудыг хар залуугаасаа хот, хөдөөгүйхашиж, очсон газар бүртээ ажил сайжруулж, амжилт бүтээл үр дүн гарган ажиллаж байсан байдаг юм.
Л.Хүрэлбаатар нь Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар 1978-1980 онд ажиллаж байхдаа Монгол улсын антибиотик эмийн хэрэглээ, хэтийн төлвийг судлахын зэрэгцээ Алотагат шинэ эмийг зохион бүтээжээ. Мөн 1980-1985 онд Эрүүл мэндийн яамны хэвлэлийн нэгдсэн редакцийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж Анагаах ухаан, Эрүүл мэнд сэтгүүлүүдийг эрхлэн гаргаж байлаа.
Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжсэн түүхэн цаг мөч 1990 онд Л. Хүрэлбаатар нь анхны эм, гоо сайханы бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Монос” эмийн жижиг үйлдвэрийг байгуулсан нь эм зүйн салбарт хувийн хэвшлийг бий болгосон шинэлэг үйл явдал байсан юм. Тухайн үед тус хувийн хэвшлийн компани нь хүнд сорилттой тулгарч байсан хэдий ч олон зүйлийн анхдагч болж чаджээ. Анхны хувийн эмийн үйлдвэр болох Монос Фарм ХХК-аас гадна анхны хувийн эмийн сан, эмийн бөөний худалдааны төвийг байгуулж үүнийг дагаж Монголын зах зээлд Францын Санофи, Германы Шеринг зэрэг дэлхийн шилдэг аравт ордог эмийн үйлдвэр, пүүсийн бүтээгдэхүүнийг Монголчууддаа хүргэж эхэлснээс гадна дотоодын өөрийн эмийн үйлдвэрээс ургамал, амьтан, эрдсийн гаралтай шинэ бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж зах зээлд нэвтрүүлж эхэлжээ.
Л.Хүрэлбаатар нь 2000 онд Монос коллежийг үүсгэн байгуулсан нь өдгөө Эм зүйн шинжлэх ухааны их сургууль болон өргөжиж, өдгөө Монгол улсын шилдэг энтрепренер их сургууль болон хөгжиж байна. Одоо Монголд ажилллаж буй 2 эм зүйч бүрийн нэг нь тус сургуулийг төгсөгч байгаа нь гайхалтай
Л.Хүрэлбаатар нь эм зүйн ухааны хорь гаруй докторантын болон магистрантын эрдэм шинжилгээний ажлыг удирдан хамгаалуулж, эрдэм шинжилгээний нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, гарын авлага зэрэг 15 ном бичиж орос монгол хэл дээр хэвлүүлж, 22 ном редакторложээ. Мөн эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл 236 бичиж орос, монгол, англи, хятад, солонгос хэл дээр нийтлүүлсэн байна.

Түүний хөдөлмөр бүтээлийг Монголын төр үнэлж 2001 онд Алтан гадас одон, 2005 онд Монгол улсын шилдэг зохион бүтээгч цол, 2006 онд Монгол улсын төрийн шагнал, 2017онд Монгол улсын Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан цол тус тусыг хүртээжээ. Эрдэм судлалынхаа ажлын үр дүнд 2004 онд Эм зүйн ухааны докторын зэргийг хамгаалж, мөн ондоо профессор цол хүртсэн ба 2012 оноос Монгол улсын Шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, 2013 оноос Анагаах ухааны академийн гишүүн, 2015 оноос Эм зүйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр тус тус сонгогдон ажиллаж байна. Монос хэмээх энэ их айлыг үүсгэн байгуулсан түүхт 30 жилийн ой тохиож буй энэ оны 10 сарын 2-ны өдөр түүний нөр их хөдөлмөрийг Монгол төр үнэлж Хөдөлмөрийн Баатар хэмээх эрхэм дээд цолыг хүртээсэн юм.

Монгол Оюун Санааг дэлхийд таниулах үйл хэрэг үргэлжилсээр…